ИНКОТЕРМС 2020 | EXW Ex Works нөхцөл гэж юу вэ?

Энэхүү нөхцөлөөр илгээгч буюу худалдагч тал ачаа барааг хүлээн авагч буюу худалдан авагчид өөрийн үйлдвэр, агуулахад худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгч нийлүүлэлт хийх нөхцөл юм. Хоёр тал харилцан тохиролцож нийлүүлэлт хийгдэх нэрлэсэн газрыг тохиролцож ачаа барааг шилжүүлж болно. Худалдагч ачаа барааг аливаа тээврийн хэрэгсэлд ачих үүрэггүй, мөн шаардлагатай тохиолдолд барааны экспортын бүрдүүлэлтийг хийхгүй байж болдог.

Ачаа барааг худалдан авагчид нийлүүлэх газар

EXW нь худалдагч талд хамгийн бага үүрэг ноогдуулдаг дийлэнх зардал болон эрсдэл худалдан авагч талд шилждэгээрээ онцлог Инкотермсийн нөхцөл юм. Тиймээс худалдан авагчид энэхүү нөхцлийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Энэхүү нөхцлийн хүрээнд талууд зөвхөн ачаа барааг “нийлүүлэх” газрыг нэрлэх шаардлагатай. Ингэхдээ талууд аль болох нэрлэсэн нийлүүлэх газрын яг аль цэгт нийлүүлэлт хийх талаар тусгайлсан газрыг заах хэрэгтэй. Тусгайлан заасан нийлүүлсэн газар талуудад ачаа барааг хэзээ нийлүүлэх, худалдан авагчид эрсдэл хэзээ шилжих зэргийг маш тодорхой болгож өгдөг.  Мөн худалдан авагч тал аль газраас эхлэн зардал хариуцах вэ гэдгийг тохиролцдог. Хэрэв талууд нэрлэсэн нийлүүлэх газрыг нэрлээгүй тохиолдолд худалдагч өөрийн үйлдвэр эсвэл агуулахыг сонгох тохиолдол түгээмэл байдаг.

Ачилтын үеийн эрсдэл болон талуудын хүлээх хариуцлага

Худалдагч тал ачаа барааг ачихгүйгээр худалдан авагчийн мэдэлд хүлээлгэн өгнө. Хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдагч тал ачилтыг хариуцаж болно. Ийм тохиолдолд ачаа бараа эвдрэх эсвэл тоо хэмжээ дутах, бараа алдагдах зэрэг асуудал гарвал хоёр талд маргаан үүсэх магадлалтай. Ийм төрлийн болзошгүй эрсдэл үүсч болох тул худалдагч барааг ачихаар бол талууд ачилт хийж байх үед бараа алдагдах, гэмтэх эрсдэл гарвал хэн хариуцах вэ гэдгийг урьдчилан тохиролцож шийдвэрлэх хэрэгтэй.

Хэрэв энэхүү нөхцлийг сонгосон бол танд маш сайн тээвэр зуучийн байгууллага хэрэгтэй. Учир нь тэдний агентууд худалдагч талын агуулахаас ачааг ачихдаа хяналт тавих, эрсдэлээс сэргийлэх чадамж нь илүү байдаг. Нөгөөтэйгүүр худалдагч талын агуулахаас худалдагч тал ачилтыг хариуцах тохиолдолд дээрх эрсдлүүдээс зайлсхийх хамгийн зөв алхам бол FCA нөхцлийг сонгохыг зөвлөж байна. Тэгсэн тохиолдолд худалдагч тал нь ачилтын үеийн эрсдлийг хариуцах боломжтой болох юм.

Экспортын гаалийн бүрдүүлэлт хэн хийх вэ?

Худалдагчийн талын үйлдвэр, агуулах, дэлгүүр  эсвэл худалдагчийн улсын аль нэг газрыг нэрлэсэн газраар сонгож худалдан авагчид ачаа барааг хүлээлгэн өгсөн тохиолдолд худалдагч тал экспортын гаалийн бүрдүүлэлт болон гаалийн бүрдүүлэлтийн зардлыг хариуцах үүрэггүй байдаг. Худалдагч тал экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй.  Тиймээс Exw нөхлийг олон улсын худалдаанд ашиглахад тийм ч таатай биш юм.

Ачааны сав баглаа боодлыг хэн хариуцах вэ?

Мэдээж худалдагч тал ачаа барааны жин, тоо хэмжээ, сав баглаа боодлыг бүрэн хийж тухайн үйл ажиллагаатай холбоотой бүх зардлыг хариуцдаг. Зарим тохиолдолд худалдагч тал ачаа барааны онцлогоос хамааран сав баглаа боодол, бэхэлгээ, хаяг шошго наах зэргийг хариуцахгүй байж болдог.