ИНКОТЕРМС 2020 | FOB нөхцөл /Free on Board/  гэж юу вэ?

Энэхүү нөхцөл нь зөвхөн далайн тээвэрт ашиглагддаг бөгөөд худалдагч тал буюу илгээгч тал хөлөг онгоцны тавцан дээр нийлүүлэлтийг хийснээр эрсдэл болон зардлууд худалдан авагчид шилждэг нөхцөл юм.

Ачаа барааг худалдан авагчид нийлүүлэх газар

Энэхүү нөхцөлийг ашиглан гэрээ байгуулсан тохиолдолд худалдан авагч тал ачаа барааг хүлээж авах нэрлэсэн боомтыг сонгох эрхтэй. Гэрээндээ ачаа барааг нийлүүлэх өдөр, ачилтын цэг, усан онгоцны нэр болон бусад тээврийн шаардлагуудыг нарийн тусгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл худалдагч тал усан онгоцны тавцан дээр барааг нийлүүлэх хүртэлх зардал болон  эрсдэлийг хариуцах боловч худалдагч тал барааг нийлүүлэх боомт, усан онгоц, нийлүүлэх өдөр зэрэг тээвэрлэлттэй салшгүй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргах эрхтэй юм. Худалдан авагч тал өөрийн харилцдаг тээвэр зуучийн байгууллагын тусламжтай энэхүү тээвэрлэлт хийгдэхэд хамгийн бага хугацаа, зардал шаардагдах боомт болон усан онгоцыг сонгох боломжтой юм. Хэрэв худалдан авагч тал нэрлэсэн нийлүүлэх боомтыг сонгоогүй бол худалдагч тал өөрт хамгийн тохиромжтой боомтыг сонгох боломжтой болно.

Ачилтын үеийн эрсдэл болон талуудын хүлээх хариуцлага

Худалдагч усан онгоцны тавцанд барааг нийлүүлэх хүртэлх бүх эрсдэлийг хариуцах бөгөөд гэрээнд заасны дагуу нэхэмжлэх, худалдаатай холбоотой аливаа бичиг баримт, нотолгоо зэргийг худалдан авагчид гаргаж өгөх үүрэгтэй. Ингэснээр усан онгоцны тавцан дээр барааг хүлээж авснаас эхлэн худалдан авагч талд бүх зардал болон эрсдэл бүрэн шилжинэ. Хэрэв товлосон хугацаанд худалдан авагч талын нэрлэсэн боомтод нэрлэсэн усан онгоц ирээгүй тохиолдолд түүнтэй холбоотой гарах аливаа зардал болон эрсдэлийг худалдан авагч тал хариуцна.

Гаалийн бүрдүүлэлт

Худалдагч тал экспортлогч орноос шаарддаг

  • Экспортын зөвшөөрөл
  • Экспортын аюулгүй байдлын бүрдүүлэлт
  • Тээвэрлэлтийн өмнөх хяналт, шалгалт
  • Бусад албан ёсны зөвшөөрлүүдийг бүрдүүлж экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүхий л зардлыг төлөх үүрэгтэй.

Зарим тохиолдолд худалдагч талын хүсэлтээр худалдан авагч тал экспортын гаалийн бүрдүүлэлттэй холбоотой мэдээллээр хангах, зарим бичиг баримтыг олж авахад туслах үүрэг хүлээж болно. Энэ тохиолдолд гэрээний дагуу худалдагч тал зардлыг хариуцна.

Импортын болон транзит гаалийн бүрдүүлэлттэй холбоотой бүхий л зардлыг худалдан авагч бүрэн хариуцна.

Ачааны сав, баглаа боодлыг хэн хариуцах вэ?

Худалдагч тал барааг нийлүүлэхийн өмнө барааны чанарыг шалгах, барааг хэмжих, жинлэх, тоолох зэрэг бүх зардлыг хариуцна. Мөн худалдааны гэрээнд тусгай хаяг, шошго наахаар төлөвлөсөн эсвэл задгайгаар тээвэрлэх шаардлагатай тусгай нөхцөл шаардсан ачаа биш бол худалдагч тал хаяг, шошго наах, тээврийн төрөл, нөхцөлд тохируулан ачаа барааг савлах, боож баглах үүрэгтэй.