ИНКОТЕРМС 2020 | FCA нөхцөл /Free carrier/  гэж юу вэ?

FCA нөхцөл нь гадаад худалдаанд хамгийн түгээмэл ашиглагддаг инкотермсийн нөхцлүүдийн нэг юм. Хэдийгээр энэхүү нөхцлийг хамгийн түгээмэл ашигладаг боловч худалдагч болон худалдан авагчийн эрх, үүргийг мэдэхгүйгээс тодорхой хэмжээний илүү зардал гаргах тохиолдол байдаг. Мөн FCA нөхцлийг бүх төрлийн тээврийн төрөлд ашигаладагаараа онцлогтой.

Ачаа барааг худалдан авагчид нийлүүлэх газар

FCA нөхцлийг сонгосон тохиолдолд худалдагчаас худалдан авагчид ачаа барааг нийлүүлэх газрыг сонгохдоо эрсдэл, зардлаа маш сайн тооцоолох хэрэгтэй. Худалдан авагчдын гаргадаг нийтлэг алдаа бол ачаа барааг нийлүүлэх тусгайлсан цэгийг заахгүй орхих тохиолдол юм.

Хэрэв худалдан авагч ачаа барааг нийлүүлэх нэрлэсэн цэгийг тусгайлан заагаагүй тохиолдолд худалдагч ачаа барааг нийлүүлэх цэгээр өөрийн агуулах, эсвэл өөрт хамгийн тохиромжтой газрыг сонгох боломжтой болох юм. Ийм тохиолдолд худалдан авагч талд ачаа бараа алдагдах, тээврийн нэмэлт зардал гарах, ачаа бараа эвдрэх зэрэг эрсдэл үүсч болно. Тиймээс худалдан авагч тал нэрлэсэн нийлүүлэх тусгайлсан цэгийг заахаас гадна ачаа барааг хүлээн авах өдрийг нарийн тодорхой зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр худалдан авагчийн илгээсэн тээврийн хэрэгсэлд, тусгайлсан өдөр ачаа барааг хүлээлгэн өгсөнөөр барааны нийлүүлэлт хийгдэнэ. Худалдан авагчийн харилцдаг тээвэр зуучийн байгууллага худалдан авагчийн өмнөөс барааг хүлээн авснаар бүх эрсдэл болон зардал худалдан авагчийн талд шилжинэ.

 Хэрэв худалдан авагч тусгайлсан цэг болон нийлүүлэх өдрийг зааж өгөөгүй тохиолдолд худалдагч өөрийн агуулах, эсвэл өөрт хамгийн ойр газрыг нийлүүлэх газраар сонгож болох бөгөөд, нийлүүлэлт худалдааны гэрээний хамгийн сүүлийн өдрийг нэрлэсэн хугацаагаар сонгож гуравдагч этгээд болон худалдан авагчийн тээврийн хэрэгсэлд барааг нийлүүлснээр эрсдэл болон зардал худалдан авагчид шилжинэ.

Ачилтын үеийн эрсдэл болон талуудын хүлээх хариуцлага

Энэхүү нөхцлийн хүрээнд худалдагч худалдан авагчийн нэрлэсэн газар худалдан авагчийн илгээсэн тээврийн хэрэгсэлд барааг нийлүүлэх хүртэл ачаа бараанд үүсэх аливаа алдагдал, эрсдэл, зардлыг ХУДАЛДАГЧ тал бүрэн хариуцна.

Хэрэв худалдан авагч нийлүүлэлт хийгдэх гуравдагч этгээд /Тээвэр зуучийн байгууллага болон худалдан авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ болон тээвэрлэгчийг нэрлээгүй эсвэл гуравдагч этгээд нэрлэсэн хугацаандаа ачаа барааг хүлээж аваагүй тохиолдолд түүнтэй холбоотой бүх эрсдэл болон зардлыг ХУДАЛДАН АВАГЧ тал хариуцна. Мөн нэрлэсэн хугацааг сонгоогүйгээс үүдэн нийлүүлэх эцсийн хугацаанд худалдагч ачаа барааг нийлүүлсэн тохиолдолд мөн ХУДАЛДАН АВАГЧ холбогдох эрсдэл болон зардлыг  хариуцна.

 Худалдааны нөхцлийн дагуу худалдан авагч нийлүүлэх нэрлэсэн цэгийг сонгож тохиролцсон хугацаандаа ачаа барааг хүлээлцсэн тохиолдолд нийлүүлэлт хийгдсэнээс хойш бүх эрсдэл болон зардал ХУДАЛДАН АВАГЧИД шилжинэ.

Гаалийн бүрдүүлэлт

Экспортлогч орноос шаарддаг экспортын гаалийн бүрдүүлэлт болон түүнтэй холбоотой аливаа зардлыг худалдагч тал бүрэн хариуцах үүрэгтэй. Үүнд:

  • Экспортын зөвшөөрөл
  • Экспортын аюулгүй байдлын бүрдүүлэлт
  • Тээвэрлэлтийн өмнөх хяналт, шалгалт
  • Аливаа бусад албан ёсны зөвшөөрлүүд

Мөн шаардлагатай тохиолдолд импортлогч орон болон гуравдагч улсаас шаардах аливаа бичиг баримтыг экспортын гаалийн бүрдүүлэлтэд ашиглах тохиолдолд тухайн бичиг баримтыг олж авахад худалдан авагч тал худалдагч талд туслах үүрэгтэй.

Харин импортлогч болон транзит улсаас шаарддаг импортын болон транзит гаалийн бүрдүүлэлтийг худалдан авагч хийж импортын гаалийн татвар, болон бусад хураамжийг төлөх үүрэгтэй. Үүнд:

  • Албан ёсны зөвшөөрлүүд
  • Импортын болон транзитын зөвшөөрөл
  • Импортын болон транзитын аюулгүй байдлын бүрдүүлэлт
  • Тээвэрлэлтийн өмнөх хяналт шалгалт зэрэг хамаарна.

Ачааны сав, баглаа боодлыг хэн хариуцах вэ?

Худалдагч тал барааг нийлүүлэхийн өмнө барааны чанарыг шалгах, барааг хэмжих, жинлэх, тоолох зэрэг бүх зардлыг хариуцна. Мөн худалдааны гэрээнд тусгай хаяг, шошго наахаар төлөвлөсөн эсвэл задгайгаар тээвэрлэх шаардлагатай тусгай нөхцөл шаардсан ачаа биш бол худалдагч тал хаяг, шошго наах, тээврийн төрөл, нөхцөлд тохируулан ачаа барааг савлах, боож баглах үүрэгтэй.